Ням-Осор Учрал
Инновацийг дэмжих лобби бүлэгтэй хамтарч ажиллана
АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ИННОВАЦИЙГ ДЭМЖИХ ЛОББИ БҮЛЭГТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХАА МЭДЭГДЛЭЭ
УИХ-ын гишүүн Н.Учрал нь УИХ дахь Инновацийг дэмжих лобби бүлгийн ахлагчаар ажилладаг билээ. Тэрбээр инновацийг дэмжиж байж эдийн засгаа солонгоруулна гэж үздэг. Тийм ч учраас УИХ-ын гишүүнээр ажиллаж эхэлснээсээ хойш салбар бүрт инновацийг дэмжих, холбогдох хууль тогтоомжийг нь боловсронгуй болгон хэрэгжүүлэхэд нь анхааран ажиллаж байгаа юм.
Энэ үүднээс тэрбээр гуравдугаар сарын 31-ний өдөр АНУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан “Энтрепренёршил экспо”-д оролцож мэдлэг, туршлагаа солилцон Монголд хэрэгжүүлж болох санаануудын талаар мэргэжилтнүүдтэй санал солилцлоо. Энэхүү үзэсгэлэнд мэдээлэл технологи, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин өргөн хэрэглээний бараа зэрэг төрөл бүрийн салбарыг төлөөлсөн нийт 10 энтрепренерууд оролцож ирээдүйн хөрөнгө оруулагч, олон нийт хэвлэл мэдээллийнхэнд өөрийн бүтээгдэхүүн, үйл ажиллагааг сонирхуулсан юм. Уг арга хэмжээний үеэр АНУ-ын Элчин сайд Женнифер Зимдал Галт Монголын парламент дахь инновацийг дэмжих лобби бүлгийн үйл ажиллагааг дэмжин цаашид хамтарч ажиллахаа мэдэгдсэн юм.
Үүнд УИХ-ын гишүүн Н.Учрал талархаж буйгаа илэрхийлээд “АНУ-ын элчин сайдын яам нь эх оронд маань өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн цаашлаад тодорхой патентуудад хөрөнгө оруулж буй олон ажлыг бодитоор дэмжиж байгаа. Манай улсад инновацийн 32 гарааны компани байгуулагдсан ч хуулинд заасан боломж, хөнгөлөлтүүдээ эдэлж чадаагүйгээс болж үйлдвэрлэл явуулж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Энэ нь инновацийн хуулийг сурталчилан таниулах ажил хийгдээгүйтэй холбоотой юм. Мөн дагалдах хуулиуд нь тодорхой бус байснаас гадна төр засаг, эрдэмтэн судлаачид болон хөрөнгө оруулагчид уялдаа холбоотой ажиллаагүйтэй холбоотой. Тиймээс бид цаашид энэ салбарт ажиллаж буй хүмүүсийг нэг тавцан дээр гаргаж өгөх ажлыг хийх ёстой юм. Төр засгийн зүгээс зохион байгуулалтын уг ажлыг хийснээр инновацийн салбар нэгдсэн уялдаа холбоонд орж үйл ажиллагаа нь ахиж, дэвшихээр байгаа юм. Үүнд л энтрепренерууд хэрэгтэй. Инновацийн сан манай улсад байсан ч татан буулгасан байгаа. Энэ санг сэргээх ажлыг би хаврын чуулганы хугацаанд хийж хэрэгжүүлэхээр судалгааны ажлаа эхлүүлээд байна. Монголын олон оюунлаг залуусын санаа, санаачлагыг дэлхийд гаргахад АНУ-ын элчин сайдын яамнаас дэмжлэг үзүүлнэ үү гэж хүсмээр байна. Мөн сайн туршлагыг Монголд хэрэгжүүлэхэд бидэнд тусалж, инновацийг дэмжих лобби бүлгийн үйл ажиллагааг дэмжихыг би чин сэтгэлээсээ хүсч байна” гэлээ.